Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 26-28 метр, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
2018 оны хавар хөрс 20см гүндээ уулархаг нутгаар 4 дүгээр сарын дунд арав хоногт, томоохон голуудын хөндийгөөр 4 дүгээр сарын эхээр, тал хээр нутгаар 3 дугаар сарын сүүлчээр, говийн нутгаар 3 дугаар сарын дунд арав хоногт гэсэх төлөвтэй байна.
Цаг агаар дулаарч буйтай уялдаад гол мөрөнд мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиш байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр өдөртөө 17 градус дулаан, салхи секундэд 11 метр байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.