Хятадын анхны сансрын станц болох “Тянь-гун 1” өнөөдөр үүрээр дэлхийн агаар мандалд орж ирсэн талаар тус улсын Сансар судлалын албанаас мэдээлж байсан билээ. Тэгвэл “Тянь-гун 1” сансрын станц саяхан орон нутгийн цагаар 8.15 цагийн үед Номхон далайн өмнөд хэсэгт унасан байна.
Хятадын Сансар судлалын албанаас мэдээлж байгаагаар “Тянь-гун 1” станцын ихэнх хэсэг агаар мандалд орж ирэх үедээ шатсан бөгөөд түүний бага зэргийн хэлтэрхийнүүд л далайн усанд унасан гэнэ.
“Тянь-гун 1” буюу “Тэнгэрийн орон” хэмээх энэхүү станцыг БНХАУ 2011 онд дэлхийн тойрог замд оруулсан ба энэ нь тус улсын өөрсдийн технологиор бүтээсэн анхны сансрын лаборатори юм байна. Уг станцын даалгавар биелүүлэх хугацаа өнгөрсөн онд дууссан бөгөөд 2017 онд дэлхийд газардах байсан боловч удалгүй холбоо тасран жолоодлогогүй болсон ажээ.