Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус зөвлөл АТГ-ын 2017 оны ажлыг үнэлээд чанаргүй муу хийсэн гэж дүгнэжээ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нийгэм бүхэлдээ авлигад идүүлсний хариуцлагыг УИХ, АТГ хүлээх ёстой гэлээ.
Учир нь АТГ УИХ-аас хамааралтай байгууллага бөгөөд шууд захирагддаг байгууллага гэв. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс эрс ухарсан, хариуцлага тооцох АТГ болон хуулийн байгууллагууд нь хараат болсон гэдгийг Олон улсын байгууллагаас дэлхий дахинаа мэдэгдчихсэн хэдий ч энэ талаар УИХ-аас АТГ-т ямар ч хариуцлага тооцоогүй гэдгийг тус зөвлөлийнхөн онцлон тэмдэглэв. Мөн өндөр дээд төвшний авлига илрэхгүй байгаа нь ажлаа ямар төвшинд хийж буйн тод нотолгоо төдийгүй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалтай таван жил ноцолдож байна гэлээ
Авлигачдыг хашрааж чадахгүй байгаа АТГ-т хариуцлага тооцох ёстой. Хэрэв тооцож цадахгүй бол УИХ-ыг тараахаас өөр гарцгүй гэдгийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдэгдэв.
АТГ-ын 2017 оны үйл ажиллагааны товч тайлан гарсан бөгөөд ОНЗ-өөс тус ажлын тайланд дүн шинжилгээ хийхэд манай улсын Авлигатай тэмцэх ажил чанаргүй, үр дүнгүй байна гэв. Учир нь төрийн өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий албан тушаалтны хоорондын хамаарал бүхий санаатай үйлдэгддэг бүлэглэдэг хэрэг гэж тэд үзэж байна.