Ирэх амралтын өдрүүдэд АНУ-д эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй багийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцох ёстой байсан ОХУ-ын шигшээ багт АНУ-ын ЭСЯ-наас тус улсад нэвтрэх виз өгөөгүй билээ. Энэ талаар Оросын Риа новости агентлаг тус улсын Чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедееваас тодруулжээ. Тэрээр хэлэхдээ “Алдартай, хүчтэй бөхчүүд барилдаж байж л тэмцээн сонирхолтой болдог. Харин сул тамирчид оролцоод байвал чансаа нь унадаг. Хэрэв бид Дэлхийн Цомын нэр хүндийг дээшлүүлэхийг хүсч байгаа бол 2017 оны ДАШТ-ээр эрхээ авсан шилдэг багууд л орох ёстой. Өнөөдрийн байдлаар дэлхийд чөлөөт бөхөөр хамгийн хүчирхэг нь АНУ, Иран, ОХУ байна. Энэ удаагийн тэмцээнд хоёр нь тэмцээнд орохгүй. Тэгэхээр ямар ч сонирхолгүй, сулхан тэмцээн болох нь. Энэтхэг, Монгол хоёр бол чөлөөт бөхийн түүх, уламжлалгүй, дэлхийн хэмжээний бөх ч байхгүй улсууд шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Спорт улс төрөөс хол байх ёстой. Гэвч зарим хүмүүс энэ талаар мартаад байх юм” гэжээ.