МУИС-ийн Улс төр судлаач, нийгмийн багш гэсэн мэргэжлээр төгссөн, одоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэст Хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага өгдөг сургагч багш Б.Болороо нэгэн бичлэгийг сошиалд байршуулжээ. Тэрээр энэхүү “нөлөөллийн бичлэг”-ээ төрийн түшээдэд зориулсан бөгөөд товчхондоо УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн 14.2-т нэмэлт оруулах саналыг хүргэж байгаа юм байна.
Арван дөрөвдүгээр зүйл.
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Үндсэн хуулийн энэ заалтад буюу 14.2-т хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн үг байдаггүйд тэрээр шүүмжлэлтэй хандаж, ийнхүү хүсэлтээ илэрхийлжээ.