Алжир улсын хойд хэсэгт цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 257 хүн амиа алдлаа. Тус улсын нийслэл хотоос холгүй орших Боуфарик цэргийн нисэх буудлаас хөөрснийхөө дараахан уг онгоц ийнхүү осолдсон байна. Амиа алдагсдын ихэнх нь цэргийн албан хаагчид болоод тэдний гэр бүлийнхэн байсан тухай Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Түүнчлэн хөлгийн багийн арван гишүүн нас барсан аж.
Гэвч одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Цэргийн багийн ахлагч ослын шалтгааныг нэн даруй шалгах тушаал өгч, өөрийн биеэр ослын газарт очихоор болжээ.
Энэ явдлаас өмнө 2014 оны долдугаар сард хамгийн олон хохирогчтой онгоцны осол гарч байсан билээ. Малайзын зорчигч тээврийн MH17 нисэх онгоц Украйны зүүн нутагт осолдож, 298 хүн нас барж байсан юм.
Дээрх Алжирын онгоцны осол нь 2003 оноос хойш гарсан хоёр дахь том осолд тооцогдож байгаа аж.
Б.Болормаа