Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 11:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаатай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хязгаарлажээ.
Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах бол нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Энэ сарын 13, 14-нд салхи говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.