Монгол улсын харъяатаас гарсан генерал асан Х.Жекей
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж бригадын генерал цолыг нь хураасан анхны хүн нь казах түмний дундаас төрсөн 3 дах генерал гэгддэг Х.Жекей байлаа. Х.Жекей нь Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргаж, хүсэлт хүчин төгөлдөр болсон учир хуулийн дагуу цэргийн дээд цол тэмдгийг нь хураах ёстой болжээ. Тэрээр өдгөө Казахстан улсын иргэн болсон ба тус улсад төрийн өндөр албан тушаал хашдаг байна.
Монгол улсын Хил хамгаалах албанд өндөр албан тушаал хашиж, Бригадын генерал цолтой байсан Х.Жекей нь 2000, 2008 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож байв. Тэрээр, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд Монгол Улсын төрийн нууцтай холбоотой олон зүйлийг мэдэж буй эрхэм мөнөөсөө мөн юм. Х.Жекей нь хил хамгаалах байгууллагад олон жил ажилласан учраас Монголын хил хамгаалалтын нууцыг мэдэж байгаа ба ийм л чухал нэгэн эрхэм Монголын иргэншлээс татгалзаж, генерал цолоо хураалгаад Казахстан улс руу оджээ. “Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд түүнийг Казахстаны иргэн болсон гэдгээс нь болоод Монголын төр засаг занаж, ийнхүү генерал цолыг нь хураан авсан хэрэг биш бөгөөд уулаасаа хууль нь тийм зүйл заалттай болохоор цолыг нь хураасан гэдгийг хүмүүс сайн ойлгох ёстой юм”. Тэрээр хамгийн сүүлд 2012 оны сонгуулиар дөрөв дэх удаагаа УИХ-д нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм.
УИХ-ын гишүүн асан Х.Жекей 2012 оны хоёрдугаар сарын 14-нд Өглөөний сонинд “Казах түмний дундаас төрсөн гурав дахь генерал гэдгээрээ бахархдаг” хэмээн ярилцлага өгч байжээ. Монгол Улсад 1944 онд анх удаа генерал цол бий болгож комиссар байсан 10 хүнд зэрэг олгоход Нисэх хүчний командлагч, хошууч генерал М.Зайсанов энэ эрхэм алдрыг хүртэж байсан байна. Харин Х.Жекей 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар бригадын генерал цол хүртэж байлаа.
ОБЕГ-аас хөрөнгө завшсан генерал асан П.Даш
Ерөнхийлөгч зарлиг гаргаж генерал цолыг нь хураасан хоёр дах хүн нь улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эдэлж байгаад суллагдсан хошууч генерал П.Даш гэгч байлаа. Генерал П.Даш нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн гурван шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон билээ. Тэрээр ял эдэлж байгаад одоогоос 4 жилийн өмнө суллагдсан бөгөөд шүүхээс түүнийг таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах, улсад учруулсан 600 гаруй сая төгрөгийг тэднээс гаргуулж, ОБЕГ-т олгуулахаар шийдвэрлэсэн юм. Хуучнаар ЗХУ-д Цэргийн дунд сургуулийг онц дүнтэй, цэргийн академийг алтан медальтай тѳгссѳн П.Даш нь алтан мөрдэстэй генерал болтлоо дэвшсэн боловч цаг хугацааны явцад улсаас хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогдож ийнхүү генерал цолоо хураалгажээ.
Тэрээр цэргийн мэргэжлийн сургуулиудыг дүүргэн мэргэжлээрээ ажиллаж, өндөр албан тушаалуудыг хашиж байлаа. Хошууч генерал П.Даш 2000-2002 онд Хилийн цэргийн удирдах газрын дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2002-2004 онд Хил хамгаалах ерѳнхий газрын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2004-2007 онд Гамшгаас хамгаалах ерѳнхий газрын даргаар тус тус ажиллаж байв. П.Дашид Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 1995 оны 3 дугаар сарын 17-ны ѳдрийн 52 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ. Мөн тэрээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат болсон удаатай. Одоогийнхоор бол УИХ-ын гишүүн юм. Тухайн үед тэрээр өршөөгдөх боломжтой байсан ч “Би гэмт хэрэг хийгээгүй, намайг цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлэн өршөөл хүсээгүй талаар олон нийтийг гайхшруулж байсан бөгөөд түүнийг зарим хүн намуудын хоорондын зөрчлийн хайчинд хэрчигдэн, орчин үеийн хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон хүн гэж үздэг юм билээ. Хэдийгээр тэрээр ялаа өөрийн биеэр эдэлж дууссан ч, АТГ-аас түүнийг Монгол Улсын төрийн албанд томилж болохгүй гэсэн шийдвэр гаргасан гэдэг.
Мөн түүнийг сайн мэдэх зарим нэг хүмүүс “П.Даш шиг цэргийн шинжлэх ухааны доктор,төрийн тогоонд олон жил чанагдсан мэргэжилтний мэдлэг боловсрол, арга туршлагыг Монгол төрийн төлөө ашиглах нь зүйтэй” хэмээн ярьцгаадаг гэх бөгөөд гэвч энэ үг үнэн эсэхийг хэн мэдлээ. Ямартай ч Ерөнхийлөгч зүгээр нэг зарлиг гаргаагүй Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгон түүний цолыг хураан авч байгаагаа мэдэгдсэн билээ.
Алдарт 7 -р сарын 1-ний үймээнд буруутгагдсан Ч.Амарболд
Орчин цагийн Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэвээс “Энэ хүн цагдаагийн албаны даргын албан тушаалд томилогдох цаг нь одоо нэгэнт болсон” хэмээн магтуулан тус байгууллагын даргаар томилогдож байсан генерал Ч.Амарболд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр гарсан эмх замбраагүй явдлыг зогсоож чадаагүй, хариуцлага алдсан, таван хүний амь нас эрсдэхэд хүргэсэн гол буруутнаар тодорсон юм. Тухайн үед тэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд харамсалтай нь уг үймээнээс болсон асуудлаас үүдэн тэрээр буруутан болж шүүхээс 6.6 жилийн хорих ял сонссон билээ. Хэсэг хугацааны дараа түүнийг Өршөөлийн хуульд хамруулснаар 3.6 жилийн ялыг эдлэхээр болж байсан ба харин тэрээр өөрөө энэ бүхнийг эрс үгүйсгэн уг хэрэгт ямар ч буруугүй гэж мэдэгдэж байсан юм. Тэрээр Нийслэлийн 33 дугаар сургууль, НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд сургууль, ЗХУ-ын Нам, улстөрийн ажилтаны дээд сургуулийг тус тус төгссөн бөгөөд 1977 оноос Хэнтий аймгийн Галшир суманд хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдан сэргийлэх ангид өмчийн төлөөлөгч, 1984 оноос Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газар / УЦСЕГ/-ын тасгийн даргаар тус тус ажиллаж байв.
Харин 1990 оны хавар сургууль төгсөж ирэхэд нь УЦСЕГ-ын Улстөрийн хэлтсийн даргаар томилох гэсэн боловч өөрөө дургүйцсэн байна. Иймээс Ч.Амарболдыг нийслэлийн Найрамдлын районы Цагдаагийн хэлтсийн даргаар томилон ажиллуулсан байдаг. Үүнээс гурван сарын дараа 1990 оны 10 дугаар сараас ЦЕГ-ын дэд даргаар ажилласан байна.
Тухайн үед Улсын цагдан сэргийлэх газрын нэрийг өөрчилж, Цагдаагийн Ерөнхий газар болгосон ба улмаар Ч.Амарболд 1992 оны 12 дугаар сараас ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, 1996-1998 он, 1999-2001 онуудад ЦЕГ-ын дарга, 2006 оны есдүгээр сараас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байлаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутган шүүхээс ялласан юм. Одоогоор Ч.Амарболдын хошууч генерал цолыг нь бүр мөсөн хураах эсвэл бууруулж бригадын генерал цолтой үлдээх эсэх нь тодорхой биш байна. Зарим хүмүүс түүний цолыг хураасан явдлыг эрс буруушаан хэргийн үнэн мөн нь тодорч цагаадхын цагт Монгол төр уучлалт гуйн цолыг нь сэргээх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна хэмээн ярьцгааж байна.
“Миг-21” онгоцны мотор наймаалсан Т.Дашдэлэг
Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлсэн байдаг.
Эдгээр уучлал үзүүлсэн хүний нэг нь ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг юм.
Тэрээр дээрх албыг хашиж байхдаа Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нарын хамт байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны моторыг БНАСАУ-д худалдахыг завдсан хэргээр гурван жил таван сарын хорих ялаар шийтгэгдсэн юм. Генерал асан Т.Дашдэлэг ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр ангид ял эдэлж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн захидал илгээсэн байдаг бөгөөд түүнийг ийнхүү уучлал хүүссэний дагуу тухайн үед хугацаанаас нь өмнө өршөөлөөр суллаж байжээ. Бригадын генерал Т.Дашдэлэгийг анх энэ хэрэгт холбогдох үед АТГ шалгаж байсан ба дараа нь харьяалалынх нь дагуу түүний хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлж байжээ. Харамсалтай нь тэрээр тухайн үед уг хэрэгт гэм буруутай нь тогтоогдон прокурорт шилжиж, шүүхээс 3.5 жилийн хорих ял авсан юм. Уг асуудлаас болж ”Умард Солонгост хоёр хүн цаазлуулсан” тухай ТЕГ-ын дарга асан Б.Хурц байнгын хорооны хурал дээр ярьж дуулиан тарьж байлаа. Гэхдээ Т.Дашдэлэг генералын талаар таагүй мэдээлэл сошил ертөнцөөр нилээдгүй цацагдаж байсан бөгөөд “Зайсанд зургаан өрөө хаус авсан, хамтран ажилладаг нэр нөлөө бүхий эрхмүүдээ өдөр алгасахгүй шахам зоогонд урьдаг болсон, мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамт Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн, ан ав хийж байгаад ирсэн гэнэ” гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлүүд их гарч байв. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан дээрх зарлиг зарим хүмүүст ерөөсөө таалагдахгүй байгаа юм. Гэхдээ урьд өмнө нь тодруулбал социализмийн үед генерал цолтой эрхмийн цолыг нь хураан авч байсан түүх байдаг бөгөөд жишээ дурьдхад Барилгын цэргийн дарга асан Х.Жүгдэрнамжилийн генерал цолыг хураан авч дараа нь буцаан олгож байлаа. Мөн эдгээр хүмүүсийн цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлигт дээрх эрхмүүд нь шүүхээс гэмт хэрэгт холбогдсон нь нэгэнт тогтоогдсон тул ийнхүү хуулийн дагуу цолыг хураан авч байгаа тухай тодорхой дурдсан билээ. Түүнээс биш эдээр генерал цолтой эрхмүүдийг хэн нэгнийг хувийн ашиг сонирхлын хүрээнд яллах гэсэн эсвэл тэднийг харлуулах гэсэн санаа төрийн тэргүүнд огтоос байгаагүй байсан болов уу гэдэгт бүрэн итгэж байна.