Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монголыг цөлмөсөн түүх-Хотгор шанагын дуулианы мөрөөр гэсэн Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой гэсэн утга бүхий сурвалжлага С1 телевизээр гарсантай холбогдуулж, цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Өчигдөр орой намайг гүтгэсэн ээлжит захиалгат нэвтрүүлэг гарчээ. Үүнд тайлбар өгье.
Нэгдүгээрт: “Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн нь л энэ.
Хоёрдугаарт: Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие Сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье” гэжээ.