УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл өөрийн фэйсбүүктээ нэгэн бичлэг оруулсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Уг бичлэгт БНХАУ-ын иргэн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийн машиныг гүйцэж түрүүлэн зураг аваад явсан байдаг бөгөөд улмаар араас нь хөөн очиж зогсооход өөдөөс нь “Манай газар бишүү” гэж хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг ихэд хүргээд байгаа юм.
Уг бичлэгийг үзсэн хүмүүсийн уур нь хүрч, “Монголын газар нутагт хятадууд дэндүү даварч байна. Төр засаг л ийм байдалд хүргэлээ” гэхчлэн сэтгэгдлүүд бичиж эхэлжээ. Тэгвэл уг асуудлын дараа Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг эгч, ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгасан байна.
Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын гуравдугаар бүсэд газар эзэмшсэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн байжээ. Тус иргэн нь үүнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан тул барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь цуцалж байсан аж.