Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягаар санал авсан билээ. Саналыг нийт 6,405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6,382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5,657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлжээ. Ингээд иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг дарааллаар нь танилцуулж байна.
Д.Даваа-Очир: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар Д.Даваа-Очирыг томилж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд, зөвлөлийн Нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
Ж.Батсайхан: 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурдандаа Ж.Батсайхан томилогдож байсан. Ж.Батсайхан нь Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд дарга болж байсан юм байна.
Б.Билэгт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдож байсан.
Н.Ууганбаяр: Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдож байсан.
Д.Цогтбаатар: ТӨХ-ны даргаар томилогдож ажиллаж байсан. Төрийн өмчийн хорооны дарга болохоос өмнө Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан байна. Харин одоо бол Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа.
Ө.Энхтөр: 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, 2013-2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан.
Г.Баасан: Монголын ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Өнгөрсөн 2017 оноос эхэлж, АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа.
З.Энхболд: 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын дарга. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа.
Б.Жаргалсайхан: Бүгд найрамдах намын дарга.
Д.Пүрэвбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгчөөр Д.Пүрэвбаатар ажиллаж байсан юм байна. Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина.