Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар өнөөдөр Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт хийлээ. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Төрийн үйлчилгээний салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг тогтоод байна. 2014 оны есдүгээр сараас хойш бидний цалин сохор зоосоор ч нэмэгдсэнгүй. Манай эрүүл мэндийн салбарынхан хэдийн ажилтай ядуус болж хувираад байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар цалин нэмэхгүй” гэж хэлсэн байна. Энэ бол Засгийн газрын 370 тоот тогтоолыг онц ноцтойгоор хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа харуулсан үйлдэл гэж үзэж байна. Хэлэлцээр хийгээд л байдаг ямар ч үр дүн гардаггүй. Бүтэн дөрвөн жил биднийг хуурч байна. Тиймээс тэмцлийн хурц хэлбэр рүү орно” гэлээ.
Энэ удаагийн суулт 09:00-10:00 цаг хүртэл үргэлжилсэн бол цаашид өдөр ахих тусам суултын хугацаа уртсах юм байна. Маргааш 09:00-11:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.