Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл болон хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар мэдээлсэн юм.
Танилцуулгад дурдсанаар, он гарсаар хүүхэд алга болсон талаар 1047 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 384 хүүхдийг цахим тоглоомын газраас олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр нийслэлд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байгаагийн 150-200 насанд хүрээгүй, “Дэлгэцэнд донтолт”-той хүүхдүүд байдаг юм байна. Тэдгээр хүүхдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь ихсэх хандлагатай байгааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа гэлээ.