Швейцарь улсад үргэлжилж буй буудлагын армийн ДАШТ-ий 25 метрийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн аварга болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өмнө нь мэдээлж байсан билээ. Харамсалтай нь, түүний амжилтыг хүчингүйд тооцон, алтан медалийг нь хураажээ. Учир нь тэрээр хүзүүндээ лент нааж байгаад ДАШТ-д оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн аж. Улмаар мөнгөн медаль хүртсэн Хятадын тамирчин Яо Юши түрүүлж, Герман, ОХУ-ын мэргэн буучид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
О.Гүндэгмаагийн нөхөр, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ талаар хэлэхдээ “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ.
Тэртээ, тэргүй шалгаж байгаад өрсөлдүүлсэн байж. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн байна. Харин энэ талаар Монголын буудлага, спортын холбооныхноос тодруулахад “Тийм харамсалтай зүйл болсон нь үнэн. Тамирчид армийн ДАШТ-д өөрийн улсын Буудлага, спортын холбооны шугмаар бус Батлан, хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Тэгэхээр энэ тэмцээнийг Олон улсын буудлага, спортын холбооноос зохиогоогүй гэсэн үг. Манай холбооны шугмаар өрсөлдөөгүй, бид хамт яваагүй болохоор зөв, буруу гэж ярьмааргүй байна. О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат нарыг Монголд ирэхээр нь тодруулж, илүү бодит мэдээлэл авах нь зүйтэй болов уу. Өмнө нь манай тамирчид лентнээс болж амжилтаа хураалган, оноогоо тэглүүлж байгаагүй” гэлээ.