УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын гишүүдийн санаачлан өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан бол хуулийн төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Төсөл санаачлагчдын зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж үзэж байгаа аж. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуултадаа хариулт авав. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Н.Учрал “Хуулийг албан болон албан бусаар тайлбарладаг. Тиймээс бид өнөөдөр албан бусаар ярьж болохгүй. Ард түмэн үүнийг хүсч байгаа гэх юм, яг хэн хүсч байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь шууд Үндсэн хууль зөрчиж байна. Гишүүний хуралдаа суухгүй, санал өгөхгүй байна гэдэг нь хувь гишүүний л асуудал.”
УИХ-ын гишүүн О.Батнасан “Энэ асуудлыг хуульчлах уг нь шаардлага байхгүй. Бүгдээрээ хуралдаа суучихвал л болоо шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хурууны хээгээр санал өгөх асуудал энэ хуульд байхгүй. Хурууны хээгээр санал өгдөг байх асуудлыг Үндсэн хуульд оруулахгүй. Ер нь аль ч парламент анхдугаар хуралдаанаа эхлүүлэх үед дэгээ ярилцаж тогтдог. Энэ талаар гадаад орнуудын парламентаас суралцах, санаа авах юм их байна. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага нь журамтай дэгтэй болчихвол гүйцэтгэх засаглалаас эхлээд бүх шатандаа дэг журамтай болох ач холбогдолтой. Улсын Их Хурлын гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр санал өгөх гэсэн агуулгатай заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар боловсруулагдаж байгаа. Ингэвэл бусдын өмнөөс санал өгөх нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болох учраас аяндаа зохицуулагдах боломжтой юм. Органик хуулиар явахад түвэгтэй асуудал байгаа учраас үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах замаар шийдэж, дараа нь органик хуулиараа нарийвчлан зохицуулах шаардлагатай болоод байгаа юм”
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ дахь намын бүлгүүд гишүүдийнхээ оролцоог хангаж хэлэлцэж болоогүй юм уу. Цөөнхийн бүлгийн гишүүдийн зүгээс АН-ын гишүүдийг эгүүлэн татаж, бүлэггүй болгох гэсэн зорилго агуулж байна гэх зүйл яриад байна. Энэ ямар учиртай юм бэ? Улс төрийн зорилготой хууль оруулж ирж байна гэх шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Заавал энэ асуудлыг хуульчлах шаардлага байна уу?”
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Намын бүлгүүдэд зориулж улс төрийн зорилготой хууль боловсруулна гэж байхгүй. Бид олон зүйл дээр ярилцаж байж энэ Дэгийн тухай хуулийг боловсруулж, өргөн барьсан. Олон орны парламентын туршлагуудад дэглэдэг юм билээ. Бид ямар нэг байдлаар бүлэггүй болгох гэсэн санаа агуулаагүй. Аливаа зүйл дэгтэй, журамтай байж явдаг гэдгийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаа парламентад суухдаа бодож байсан.”
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Нийгмийн хүлээлт, шаардлага байгаа. Тиймээс үүнд нийцсэн алхамуудыг хийх нь зөв гэж бодож байгаа. Бид нар сонгогчдынхоо элч төлөөлөгч гэж ойлгож итгэж үнэмшиж байгаа хүмүүсийн хувьд ийм хариуцлага, үүрэгжүүлэх ажлыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Түрүүн Л.Болд гишүүн цөөнхийг байхгүй болгох гэж байна хэлж байсан. Ийм зүйл огт байхгүй. Цөөнхийн бүлгийг байхгүй болгох гэж энэ хуулийн төсөлд огт хамаагүй зүйл шүү. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.”
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад 60 гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв.
Одоо С.Бямбацогт нарын 16 гишүүний өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.