Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд буцаахаар шийдвэрлэсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Үндэсний аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжихээр боловсруулж эхэлсэн хуулийн төслүүд дэх зохицуулалт танилцуулгатайгаа нийцэхгүй байгаа талаар гишүүд шүүмжилж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар, Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хугацаа болсон, шаардлагатай бол гишүүдийн хэлж буй шүүмжлэлийг анхаарч, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтойг хэлээд ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаас өмнө татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг сануулж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 55 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдав. Харин уг хуулийн төслийг буцаасантай холбогдуулан МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн зүгээс өчигдөр Мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд хаягласан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Чуулганаар дахин хэлэлцэх тухай энэхүү Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.