“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар авчрах гэж байна.
Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний “CASA” агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирэх ба тэндээс нутагшуулах ажлыг зохион байгуулах гэнэ. “Олон Улсын Тахь Групп” нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахьтай болоод байна.
Сүүлийн жилүүдэд Олон улсын тахь групп тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн цус сэлбэх зорилгоор гадаадын тахь үржүүлэх төвүүд, амьтны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Тахийн талд тахь нутагшуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсны хүчинд тахийн сүрэг өсч байгаа юм. 2012 онд Хятадын Жимсарын тахь үржлийн төвөөс дөрвөн толгой тахийн азарга Зүүнгарын популяцид автомашинаар тээвэрлэн авчирсан нь зэрлэг амьтдыг хамгаалах, сэргээн нутагшуулах үйлсэд Хятад, Монголын хоёр хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.