Урин дулааны улиралтай холбоотойгоор хоолны хордлогот халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.
Эмгэгтөрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө. Хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүсэх бөгөөд дараах нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд:
• Гэнэт дотор муухайрах
• Бөөлжих
• Шингэн суулгах
• Халуурах
• Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх зэрэг болно.
Нууц үе 2-12 цаг байх бөгөөд хоолны хордлогот халдварын шалтгаанд:
• Түүхий мах, муудсан, нянгаар бохирлогдсон, хоносон хоол хүнс
• Удсан муудсан өндөг, өндгөн бүтээгдэхүүн
• Угаагаагүй жимс, жимсгэнэ
• Кремтэй бялуу
• Бохирдсон ус
• Урьдчилан сэргийлэхийн тулд:
• Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
• Гал тогоонд ажиллуулах хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулсан байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх хэрэгтэй.
Хоол хүнсийг худалдан авахдаа сонголтыг зөв хийхийн тулд:
• Стандартын шаардлага хангасан баталгаат дэлгүүрээр үйлчлүүлэх
• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хэрэглэх хугацааг сайн мэддэг байх
• Лаазалсан, савласан хүнсний бүрэн бүтэн байдлыг шалгаж аваарай.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах:
• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах
• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисоос тусгай хадгалах
• Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
• Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчөөс гаргах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
• Жимсийг буцалсан усаар угааж хэрэглэх
• Усыг буцалгаж уух
• Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
• Хоолыг таглаж тоос шороо, ялаа, нян зэргээс хамгаалах
Та эрүүл ахуйн энгийн журмыг сахиснаар хоолны ходлогот халдвараас сэргийлж болно.