Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.
“Жоохон хүлээзнээрэй одоохон” хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.
– Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь ” Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм” гэж хариулав.
– Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?
– Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ
– Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.
Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.
– Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.
– Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:
– Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.
Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.
– Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.
– Хэд ч хэрэггүй ээ эмээ.
– Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ…
– Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.
– Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.
Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?
Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ.
Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй.🙉🙊🙈
…Note of NY taxi driver.