Олны хараанд байнга өртөж байдаг Канад гаралтай поп од Жастин Бибер сүй тавьсан тухай хэвлэл мэдээллээр шуугиж эхэлжээ. Тэрээр Багамын арал дахь нэгэн амралтын газарт Америк гаралтай загвар өмсөгч Хэйли Болдуйнд гэрлэх санал тавьсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Түүний сүй тавьсан тухай мэдээллийг үнэн бодитой гэдгийг “CNN” болон “E! News” зэрэг мэдээллийн хэрэгслүүд ч баталж байгаа бөгөөд сүй тавих үед Биберийн эцэг, эх хамт байсан гэдгийг мэдэгдэж байгаа юм. Бибер, Болдуйн нар өмнө нь болзож байсан ч, эргэн нийлээд тун удаагүй байгаа билээ.
Биберийн аав Жереми өөрийн Инстаграмд хүүгийнхээ зургийг оруулж, “Дараагийн хэсэгт сэтгэл хангалуун байна” хэмээн бичсэн бол ээж Патти Маллет нь Твиттер хуудастаа мөн энэ талаар жиргэжээ.
Жастин Бибер удаан хугацаанд харилцаатай байсан найз бүсгүй Селена Гомезоос салсын дараа болздог болсон Болдуйнтай ийнхүү дахин нийлэхдээ гэрлэх санал тавиад байгаа юм. Болдуйн нь Америкийн Vogue, Marie Claire болон Испанийн Harper’s Bazaar сэтгүүлүүдэд гарч байсан алдартай загвар өмсөгч аж. Мөн загварын олон тооны кампанит ажил, видео клип, телевизийн шоунуудад оролцсон туршлагатай юм.
Энэ бүхнээс илүүтэй түүнийг Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Стефен Болдуйны охин, мөн алдартай жүжигчин Алек Болдуйны ач дүү гэдгээр нь хүмүүс сайн мэдэх билээ.
Б.Болормаа