Японы орны баруун бүс нутагт тохиогоод буй үер усны аюулаас болж 100 гаруй хүн амиа алджээ. Ширүүн борооны улмаас үерийн гамшиг болж, хөрсний нуралт үүссэнээс олон арван хүн ор сураггүй болж, цахилгаан сүлжээнүүд тасраад байгаа аж.
Өнгөрөгч Пүрэв гаригаас хойш тус улсын баруун хэсэгт ердийн үеийнхээс гурав дахин их бороо оржээ. Гамшгийн бүст хоёр сая гаруй хүн амьдарч байгаа юм. Цаг уурын хүрээлэнгийн ажилтан “Өмнө нь хэзээ ч үүн шиг их бороо орж байсангүй” хэмээн ярьсан байна.
Аврагчид Даваа гаригт аврах ажиллагааг дахин эхлүүлж, ус болон шавар намаг дундуур эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Окаяама мужийн ажилтны ярьснаар үерийн усны түвшин доошилж байгаа учир аврагчид гамшгийн бүст хүрч, иргэдэд тусламж үзүүлэхэд дөхөм болно хэмээжээ.
Энэхүү ширүүн бороо өнгөрөгч долоо хоногоос орж эхэлсэн бөгөөд ердийн үеийнхээс хэд дахин их хур тунадас орж байгаа юм. Баасан гаригаас Бямба гариг хүртэл Шикоку арал дахь Мотаяама хотод 583 мм бороо оржээ. Үерийн улмаас маш олон барилга байшин сүйдэж, энд тэндгүй зузаан шаварт хучигдсан байна.
Б.Болормаа