Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарт холбогдох хэргийг хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбатаар дүүргийн шүүхэд боллоо. Улмаар тэдэнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлав.
М.Елуза нь УИХ-ын гишүүн Д.Муратын жолооч буюу туслах нь юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцоогүй бөгөөд өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцсон байна. Харин хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцжээ.
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн юм.