Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд зарим шийдвэрийг товч хүргэж байна.
– УИХ болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч шуурхай хэрэгжүүлэхийг даалгав.
– “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумьяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэв.
– “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болов.
– Ажил эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллахыг Хууль зүй дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх 18-45 насны хүмүүс гэсэн судалгаа гарчээ.