Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, МАХН зэрэг улс төрийн томоохон нам хүчнүүд оролцох нь бараг тодорхой болж байгаа билээ. МАН, АН-ынхан энэ талаарх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор удахгүй шийдвэрлэх гэж байгаа бол МАХН-ынхан намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар хоёрын аль нэгийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлхээр шийдэж байгаа бололтой. Тэгвэл уг сонгуульд одоогоор Монголын улс төрийн орон зайд өөрийн гэсэн байр суурь эзлээгүй байгаа бусад жижиг намын төлөөллөөс ч оролцох сураг дуулдаж эхлэв. Тэдний нэг “Үнэн ба Зөв” намынхан 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тус намын зөвлөхөөр өмнө нь МАН-аас Завхан аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Ш.Сайхансамбуу ажилладаг бөгөөд өдгөө А.Отгонбаатар гэх залуу “Үнэн ба Зөв” намын даргын албыг хашиж байгаа юм байна.