“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин өдгөө “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэг, томоохон арга хэмжээг хөтөлдөг. Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан залуучуудын нэгд зүй ёсоор багтдаг. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан.
Тэрбээр “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, охинтой болоод багагүй хугацааг үдэж байгаа. Тэгвэл залуу хосуудын хурим энэ сарын 11-ний өдөр болж өнгөрчээ.
Тэрбээр Э.Уянга өөрийн цахим хуудаснаа “2018.08.11 Манай гэр бүлийн хувьд хэзээ ч мартагдашгүй, аз жаргалаар дүүрэн, хайрлаж уярсан, баярлаж бялхсан гайхалтай өдөр байлаа. Бидний хуриманд цаг зав гарган хүрэлцэн ирж, чин сэтгэлээсээ ерөөл буянаа хайрласан эрхэм зочид, ахан дүүс, анд найзууд, хамт олондоо маш их баярлалаа. Ямар олон сайхан хүмүүсээр хайрлуулж, хүрээлүүлж байдгаа харах, мэдрэх хэмжээлшгүй их аз жаргал байлаа. Үрсдээ бүхнээ зориулдаг хайрт аав, ээж нартаа мөн талархаад баршгүй. Та бүхнийхээ хайрыг дааж, сургааль, ерөөлийг нь сэтгэлдээ үргэлж санаж, зөв амьдрах болноо бид. Ингээд З.Эрдэмийнх гэдэг нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээлээ” хэмээжээ.