Хэл яриа сонсголын бэрхшээлтэй ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө Эльбрусийн оргилд эх орныхоо далбааг мандуулсан уулчин Ч.Мөнгөндалай өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр эх орондоо ирж Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр цахилгаанчин мэргэжилтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар байгууллагууд ажилд авдаггүй.. Тиймээс өөрийн халамжийн тэтгэмжээ цуглуулан мөрөөдөлдөө хүрэхээр шургуу хөдөлмөрлөсний дүнд Эльбрусийн ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ.
Ийнхүү тэрээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо.
Тэрээр хэлэхдээ “Цаг агаарын байдал маш хэцүү шуургатай байсан учраас шөнө амралтгүйгээр 4 удаагийн оролдлого хийж амжилттай авирсан. Нийтдээ найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийсэн. Анх Эльбрусийн тухай мэдээллийг цахим орчноос авсан. Цаашдаа мөрөөдлөө зогсоохгүй өөрийгөө хөгжүүлэн 6000-7000 мянган метр илүү өндөрт гарах зорилго тавин бэлтгэх хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Тэрбээр уулын спортоос гадна дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд дугуйгаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоор аялж, мөн Отгонтэнгэр хайрхан болон Алтай таван богдод авирч байсан юм.