Удахгүй хийхээр төлөвлөж буй “Восток-2018” цэргийн сургуулилт түүхэнд байгаагүй хамгийн том сургуулилт болно, энэхүү цэргийн сургуулилтад БНХАУ болон Монголын Зэвсэгт хүчин оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Түүний хэлснээр энэхүү томоохон цэргийн сургуулилт нь энэ оны 9-р сард ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт болох юм байна. Үүний зэрэгцээ энэ удаагийн “Восток-2018”сургуулилт нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэх хамгийн том буюу Беларусь, Украин, Балтын тэнгисийн гурван улс, Варшавын гэрээний зарим орны газар нутагт 1981 онд болсон цэргийн сургуулилтаас илүү том цар хүрээтэй болно гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Одоогийн байдлаар уг цэргийн сургуулилтад хэчнээн цэрэг оролцох нь тодорхойгүй байгаа бөгөөд гэхдээ эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнд Оросын Умард, Төв бүсийн цэргийн тойрог болон Умард тэнгисийн флот, Агаарын десантын хүчин, Алс дорнодын цэргийн нисэх хүчний цэргийн анги нэгтгэлүүд оролцохоос гадна БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми, Монгол улсын цэргийн анги нэгтгэлүүд оролцох нь тодорхой болжээ.