УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас нүүрс хулгайд алдагдсантай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх газарт 268 мянган тонн нүүрстэй холбоотой асуудлаар хандсан. Харамсалтай нь таван сарын хугацаанд ямар нэгэн үр дүн гарсангүй. Авлигатай тэмцэх газрынхныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ажиллаа сайн хийгээч ээ гэж хүсч байна.Энэ хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд Ч. Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан.
Үүнд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, гэх мэтчилэн арван байгууллага хамтарч ажилласан байгаа. Шалгалтын явцад Гаалийн ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн хүрээнд Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс Тавантолгойн орд газраас гаргасан байна.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүгнэлтээс харахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагдсан байна гэж тогтоосон. 340 мянган тонн нүүрсийг мөнгөн дүнд шилжүүлэхэд 60 орчим тэрбум төгрөг Монголын ард түмний халааснаас алга болчихсон байна.
Гаалийн ерөнхий газрын гаргасан дүгнэлтээс харахад Таван толгой Транс компани 390 тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил нэвтрүүлсэн байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.