Хуан Ю гэх Хятадын иргэн Засгийн газрын нууц албанд компьютерийн инженерээр ажилладаг байжээ. Саяхан түүнийг 150 мянган хавтаст нууц бичиг баримтыг гадаадын тагнуулын газарт 700 мянган ам.доллараар худалдсан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноосон тухай CCTV мэдээллээ.
Түүнийг эх орноосоо урваж, гадны тагнуулаар ажилласан хэмээн буруутгаж цаазаар авах ял оноосон бол эхнэрт нь таван жил хорих ял, хадам ахыг нь гурван жил хорих ялаар тус тус шийтгэжээ.
Энэ нь түүний анх удаа үйлдэж буй хэрэг биш гэнэ. Хуан Ю 2011 онд 90 мужтай холбоотой их хэмжээний нууц материалыг гадны тагнуулд өндөр өртгөөр худалдаад баригдаж байжээ. Тэрээр үүнээс өмнө буюу 1997-2004 оны хооронд Хятадын Сичуань мужид шрифт судалгааны институтид, дараа нь Хятадын нууц албанд нууц үг хөгжүүлэлтийн судалгааг удирдаж байсан аж.
Ийнхүү Хятад улс үндэсний аюулгүй байдлын чиглэлд онцгой анхаардаг гэдгээ олон талаар батлан харуулсаар байна. 2009 онд Хятадын нөлөө бүхий бизнесмэн Шэн цөмийн зэвсэг боловсруулах хөтөлбөрийг гадны компанид худалдсан хэргээр 17 жилийн ял, 2012 онд Танг гэх иргэн Хятадын цэргийн нууцыг гадны намд худалдсан хэргээр 15 жилийн хоригдох ялаар тус тус шийтгүүлж байжээ.
Мөн Хятад Улс үндэсний аюулгүй байдлын ач холбогдлыг иргэддээ ойлгуулахын тулд дөрөвдүгээр сарын 15-ныг Үндэсний Аюулгүй байдлын боловсрол олгох өдөр болгон зарласан байна.