Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцож байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Приморийн хязгаарын Амбан захирагч Андрей Тарасенкотой 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийв.
Д.Цогтбаатар “Монгол Улс тус хязгаартай хамтран ажиллах сонирхолтой. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд танайд Худалдааны төлөөлөгчийн газар нээх хүсэлтэй байна. Бид Алс Дорнодод маш том боломж байгааг, их хөрөнгө оруулалт орно гэдгийг харж байна. Бид ч энэ том төсөлд оролцон, бараа бүтээгдэхүүнээ Өмнөд Солонгос, Японд гаргах бодолтой байна” гэдгээ илэрхийллээ. Мөн Алс Дорнод, тэр дундаа Приморийн хязгаартай худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын тойрог дахь албан ёсны төлөөлөгч Юрий Трутневийн саяхан Монголд хийсэн айлчлалын үеэр талууд худалдааны эргэлтээ 10 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон, энэ чиглэлд гаргасан хоёр улсын Ерөнхийлөгчийн тохиролцоо ч бий гэдгийг дурдлаа.
Андрей Тарасенко хамтран ажиллахад бэлэн гээд “Ачаа тээвэрээс гадна арьс шир боловсруулах, адууны махны чиглэлд хамтран ажилламаар байна” гэлээ.
2017 онд манай улс Приморийн хязгаараас 13,7 сая долларын машин техник, будаг, нефтийн бүтээгдэхүүн, эрдэнэ шиш, будаа авсан бол тус хязгаарт ямар ч бараа нийлүүлээгүй байна.