Монголын багш нарын ажил хаялт найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэд цалин нэмэхийг Засгийн газраас шаардан Сүхбаатарын талбайд энэ сарын 10-ны өдөр суулт хийсэн. Харин өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулж байна. Багш нар “Бид цагаан цаас биш, бид бусдын адил албан тушаалын төлөө яваагүй, хийж байгаа ажлынхаа хөлсийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Залуу багш нараа дэмжих хэрэгтэй байна. Тиймээс бид цалингаа нэмүүлэхээр жагсч байна.
Их хэмжээгээр биш ч ядаж 15 хувиар цалинг нэмэх санал гаргаж байгаа. Багшийн цалинг нэмэх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, багш болох хүсэлтэй сурагчид цалинг нь голоод өөр мэргэжил сонгож байна. Хэрэв багш нарын цалин өндөр байсан бол онц сурдаг, мундаг сурагчид багш болох байсан байх ” гэлээ.
Ажил хаялтыг зогсоохыг шаардаж, зарим цэцэрлэгийг ажилд нь буцааж оруулсан
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Ж.Батзориг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс зэргийн төлөөлөл сургууль, цэцэрлэгээр явж ажил хаялтыг зогсоохыг шаардаж, зарим цэцэрлэгийг ажилд нь буцааж оруулсан тохиолдол гарсан. Үйлдвэрчний эвлэл нь бие даасан байгууллага, хэн нэгэн хөндлөнгөөс оролцоод үйл ажиллагаанд нь саад учруулж болохгүй гэсэн хууль бий. Энэ хуулийг хүндэтгэхийг хүсч байна. Цалингаа нэмүүлэхээр тэмцэж, эрхээ эдэлж байгаа багш нарт битгий саад болооч гэж хэлмээр байна. Хэлэлцээр хийх саналтай байгаагаа Үйлдвэрчний эвлэл илэрхийлсэн. Засгийн газраас нааштай хариу өгч, хэлэлцээр үр дүнд хүрч, тохиролцоонд хүрсэн тохиолдолд л ажил хаялт зогсоно” гэв.