Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний талд буюу АМГТГ-ыг асуудал бүхий дөрвөн лицензийг цуцла гэсэн шийдвэрийг гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, “Сентеррагоулд монголия” ХХК-ийн дөрвөн лицензийг цуцлуулахаар шийдвэрлэсэн.
Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр дээрх шийдвэрийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдахаар гомдол гаргаад байсан юм. Уг гомдлыг шүүх өчигдөр хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ. Энэ бол Ноён уултай холбоотой 40 дэх удаагийн шүүх хурал юм.
Дээрх хуулийн:
121 дүгээр зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
121.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.
121.3.3.анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал;
121.3.4.шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж заасан байдаг.
Өчигдөр хуралдсан 40 дэх удаагийн шүүх хурал 15:00-20:00 цаг хүртэл үргэлжлэв.