Айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалт өнөөдөр ирнэ. Харин албан байгууллагын дулааныг ирэх сарын 1-нд өгөх аж. Албан байгууллагууд өөрсдөө хүсэлтээ гаргах юм бол заавал аравдугаар сарын 1-нийг хүлээхгүйгээр халаалтаа тавиулах боломжтой байдаг билээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн байна. Нийт 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.
Мөн “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийжээ.
2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.