Өнгөрсөн бямба гаригт Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарснаас болж нийслэлийн хэмжээнд тоггүй болсон. Тодруулбал, ДЦС IV тэг зогсолт хийж, улмаар бусад ДЦС зогссон асуудал гарсан юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дулааны IV цахилгааны станц дээр асуудал гарахаар дагаад бусад станцууд тэг зогсолтод шилжсэн. ТЭЦ-4-ийн нэг блокийн хүчин чадалтай ТЭЦ-3-ийн нийт энерци тэнцэж байгаа. Энэ осол бидэнд том дохио өглөө. Бид Багануур дээр 350 мгвт-ийн генераторитой хоёр станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ-4 дээр 380 мгвт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначихаж байна. Тийм учраас Багануур дээр ийм цахилгаан барих нь эрсдэлтэй байгаа юм.
Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхиар 40 мгвт үйлдвэрлэж байгаа. Орой болоод, нар бууж, салхи намдахаар л хязгаарлалт хийх шаардлага гардаг. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх сэрүүлгийг бидэнд өгөөд байна. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд бид усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгвт, ТЭЦ-3-ыг 75 мгвт-аар өргөтгөх шаардлагатай. Боломжууд байна. Энэ бүхнээ хурдан шийдэхгүй бол ТЭЦ-4 дээр нэг аваар гарахад эрчим хүчний бүх систем доголдол үүсэх гээд байна.
Станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Ерөнхий инженер хариуцдаг юм. Оны эхээр гарсан осолтой холбогдуулан, Ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож өгөөгүй. Салбар яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй байна. Тэгээд осол гарахаар над руу шууд хандаж байгаа юм. Гэтэл энэ компаниудыг чинь удирдлагаар хангаж, хариуцлага тооцдог газар нь ТӨБЗГ болчихоод байна. Бид зөвхөн бичиг явуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит эрчим хүчний компаниудыг Эрчим хүчний яаманд шилжүүлэн авах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон. Бид хариуцлагаа тооцъё. Гэхдээ компаниудаа өөрсдийнхөө мэдэлд авъя гэж байгаа юм” гэв.
Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчлэнэ
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Салбарын сайдын хувьд яриад байгаа энэ бүх ажлуудаа хэзээ хийх вэ?
-Хийх гээд л явж байна. Наран дээр 21 компанийг зогсооход над руу дайрч байна. Би нэг ч лиценз олгоогүй байгаа. Ний нуугүй хэлэхэд наран дээр, салхин дээр 1500 мегабитын зөвшөөрөл өгөөд явсан байна. Энэ 300 мегабитээс илүү байж болохгүй. Би үүнийг зогсоосон байна. Багануурыг ялгаагүй зогсоосон байгаа.
-Тэц-4 дээр гарсан аваар, гэмтлийг бүрэн засч дууссан уу?
-Аваараас үүдэлтэйгээр 2 газар гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна.
-Багануур дүүргийнхэн одоо ч ус, цахилгаангүй байна. Хэзээ цахилгаан нь ирэх вэ?
-Энэ бол засвар үйлчилгээтэй холбоотой байх.
-Аваараас болж хэдий хэмжэний хохирол үүссэн бэ?
-Тодорхойлоход бэрх.
-Аваараас болж, зарим газар дулаанаа бүрэн өгч дуусаагүй байх шиг байна?
-Аваараас болсон юм байхгүй. Засвар үйлчилгээтэй холбоотой.
-Одоо хүйтний улирал эхэлж байна. Тэц-4-т ахиж үйлдэл гарахгүй гэх баталгаа байна уу?
-Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл аваад 4 генераторийн засварыг эхлүүлж байтал яг ийм асуудал боллоо. Өвлийн ачааллыг давахын тулд 4 генераторийг шинэчлэхийн тулд түр зогсоохоос өөр аргагүй. Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчлэнэ. Цаг хугацаа яг тулчихлаа.
-Шинэчлэлийг зун хийх боломжгүй байсан уу. Яг өвлийн ачаалал эхлэнгүүт шинэчлэлээ эхлүүлдэг нь ямар учиртай юм бэ?
-Зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Ирэх онд шийдэгдчих байх гэж бодож байна.