Нигери улсын хоёр том голын сав газарт үер болсноос 100 гаруй хүн амиа алдсан байна. Онцгой байдлын удирдлагын газар (Nema)-ын мэдэгдсэнээр Нигери гол болон Бени голын орчимд ширүүн бороо орсны улмаас ийнхүү үер усны аюул тохиосон аж. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа үер болсноос ийнхүү олон хүний аминд хүрчээ.
Засгийн газраас оршин суугчдыг уснаас холдож аль болох аюулгүй газарт хоргодохыг анхааруулсан байна. Үерийн гамшигт хамгийн их өртсөн Нигерийн төв болон өмнөд хэсэгт олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрч, тариалангийн их хэмжээний газар усанд автан хохирол амсчээ.
Үерт хамгийн ноцтой өртөөд буй Нигер мужид 40 гаруй хүн нас барсан байна. Түүнчлэн Квара, Бени, Коги, Адамава, Тараба, Кебби, Байэсла, Эдо, Анамбра, Риверс, Дельта зэрэг 11 мужид үер болж байгаа аж. Нигерийн эрх баригчид онц байдал зарлаж, цаашид ширүүн бороо үргэлжлэн орж үерийн гамшиг дахин тохиож болзошгүйг анхааруулжээ.
Б.Болормаа