Иссык-Кулийн олон улсын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Бүгд Найрамдах Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков “Чингиз Айтматов ба орчин цагийн сорилтууд” сэдэвт Иссык- Кулийн олон улсын форумд оролцож байгаад нь Монгол улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаярт талархал илэрхийлсэн байна. “Орчин цагийн гарамгай хүмүүнлэг зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн Чингиз Айтматовын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан форумд та болон гадаадын олон зочид оролцож байгаа явдал хэлэлцэж байгаа асуудлууд орчин үеийн ертөнцөд маш чухал болохыг бас дахин нотлон харуулж байна” хэмээн Киргизийн Төрийн тэргүүн тэмдэглэн хэлжээ.
Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр даян дэлхийн улс түмнүүд ойртон нягтрах, орчин цагийн сорилтуудыг шийдвэрлэхэд энэ арга хэмжээ чухал болохыг форумын үеэр онцлон тэмдэглэсэн бөгөөд тэрээр “Чингиз Айтматов бол зөвхөн дан ганц Киргизийн ард түмний төдийгүй даян дэлхийн нүүдэлчин ард түмний гарамгай хүү мөн учир миний бие энэхүү форумд оролцохыг өөрийн үүрэг хэмээн үзсэн юм” хэмээн онцлон хэлсэн байна.