Сангийн сайд П.Цагаан, Ч.Улаан нарын үеийн тухай ярихаар 20-оод жилийн өмнөх түүхийг сөхөх гээд байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Улаан бол Монголын төрд мөнхөрч буй, хууччуудын нэг юм. Түүнд хийгээгүй ажил, хүрээгүй албан тушаал байхгүй гэлтэй.
Тэгсэн ЖДҮ-ийг дэмжих сангийн дуулиантай холбоотой Б.Батзориг сайд суудлаас ховхрохын зэрэгцээ Ч.Улаан сайдын суудалд санаархаж эхэлсэн нь гайхалтай. Ч.Улаан бол албан тушаалын санаархал ихтэй хүн гэж үеийн улс төрчид нь ярьдаг. Гэтэл түүний энэхүү санаархлыг урд шөнө МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцсэн нь бүр л гайхалтай харагдав.
Цагтаа улсын дансыг улайлгаж, урваж, шарвахыг үзүүлж өгсөн Ч.Улаанд МАН-ын удирдах зөвлөл “өртэй” юм биш үү?
Харин Ч.Улааны хувьд албан тушаалын төлөө намаасаа урваж, үзэл бодлоосоо ухрах нь юу ч биш. Нэгэн цагт үзэл бодол нэгт нөхдөө орхиод Намбарын хүүг бараадаж УИХ-д суудал авч байсан. Удалгүй Намбарыг хүүг орхиж, төрхөмдөө буцсан нөхдийн нэг нь Ч.Улаан юм. Хаана очвол ашигтай, хаана байвал эрх мэдэл албан тушаалд хүрч болох вэ гэдгийг тэрээр сайн мэддэг. Тиймээс л нам гэх харьяаллыг дур зоргоороо сольж, хэнийг ч тугийг өргөхөд бэлэн, магадгүй МАН-ын тэнгэрт үүл хуралдвал, маргааш гэж цааргалалгүйгээр хаалга татаад гарч одох л хүмүүсийн нэг юм.
Гэтэл МАН-ынхан түүнд өртэй юу гэлтэй, албан тушаал, эрх мэдэл юу байна түүнийгээ барьж гүйх юм. Уг нь МАН боловсон хүчин сайтай л гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Гэвч яг албан тушаалд томилох болохоор ужиграсан /юм, үзэгдэл удаашрах, удах, ужиг болох/, урваж шарвасан хүмүүсийг томилох нь Монголын төр тэдэнд их л өртэй байдаг бололтой л гэх ойлголтыг өгөх юм.