Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэж нэрлэгддэг 23 хүртэлх насны тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Румын улсын Бухарест хотод өндөрлөлөө. 2017 оноос эхлэн зохиогдож буй энэхүү тэмцээнд 50 орны тамирчид оролцсноос монгол улсын баг тамирчид нэг хүрэл медаль хүртлээ. Монгол улсын багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан болон Ц.Хосбаяр, Б.Батзориг нар оролцсон байна.
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 21 орны бөх хүч үзсэнээс Г.Ганхуяг эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогтоо эзэн орны бөх М.Палахиаг 8:6-аар, шөвгийн наймд АНУ-ын бөх Майлз Мартингийг 6:1-ээр хожиж шөвгийн дөрөвт Ираны Камран Гасемпуртад ялагдсан байна. Медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Европын аварга Туркийн Ариф Озенийг 4:1-ээр ялж хүрэл медаль хүртсэн нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ.
Энэхүү 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эрэгтэй баг тамирчидын анхны медалийг хоёр дахь удаагаа оролцож буй Б.Ганхуяг хүртэж байна.
Г.Ганхуягийн хувьд 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, оюутны улсын аварга болсноос гадна “Монголиа Опен” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.