Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг авч хэлэлцсэн байна.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав.
Шүүх хурал хаалттай хуралдахаар зарлагдсан бөгөөд шүүхийн гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, “Нүдээ нээ” хөдөлгөөнийхөн, “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөгч нар шүүгдэгч этгээдүүдэд хуулийн хүрээнд хамгийн хүнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгууллаа.
Дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2.4, 11.2.7, 11.2.11, 11.6.2, 12.1.4 дэх заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.