УИХ-ын нэр бүхий гишүүд хамтарч Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлыг шалгах дэд хороо байгуулахаар болсон тухай мэдээллээ.
Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг өргөн хүрээнд шалгаж байгаа. Мөн Сангийн яам ч уг асуудалд шалгалт оруулсан. Гэвч Засгийн газрын гишүүд оролцсон зээлийн асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэв.
ЖДҮ-г шалгах дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бар-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Содбилэг нар орж ажиллана. Мөн УИХ дахь АН-ын гишүүн Д.Пүрэвдоржид уг хороонд орж ажлаач гэж санал хүргүүлснээ уламжиллаа.
Дэд хороо хуулийн байгууллагын ажилд саад учруулахгүй, хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр ажиллана гэж мэдэгдсэн юм. Гэвч дэд хороо байгуулах нэрээр зарим бүлэг явцуу эрх ашгийг хамгаалах гээд байна уу гэх хардлага төрсөн юм.