ОХУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, эсэргүү Людмила Алексеевна нь Москва хотын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 8-нд таалал төгсөв. Зөвлөлт засгийн үеэс л ОХУ дахь хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэж, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаж ирсэн тэрээр 92 насандаа таалал төгсчээ. Людмила Алексеевна таалал төгссөн нь хүний эрхийн төлөөх тэмцэлд том гарз болсныг ОХУ-ын хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михайл Федетов мэдэгджээ.
Людмила Алексеевна нас барсантай холбогдуулан ОХУ дахь Европын холбооны элчингээс мөн эмгэнэл илэрхийлж “Хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний гол багана байсан” гэжээ. Түүний үйл хэргийг цааш үргэлжлүүлэх нь түүнийг гүнээ хүндэтгэсэн хэрэг гэж эмгэнэлд мөн дурьдсан байна.
Зөөлөн зан ааштай ч үзэл бодолдоо тууштай Людмила Алексеевна хуучин ЗХУ-ын Сталины дэглэмийн үед төрж өссөн ба 1960-1970 оны хооронд Оросын хамгийн эртний хүний эрхийн төлөөх Москва Хельсинский группыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр 1977 онд эх орноосоо хөөгдсөн ч ЗХУ-ыг задарсны дараа 1993 онд эх орондоо эргэн иржээ.
Тэрээр Вацлав Гавелын нэрэмжит шагнал, “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг, Андрей Сахаровын нэрэмжит шагнал, Уолф Пальмегийн шагнал, Хуульзүйн дээд шагнал болох “Фемида” шагналыг хүртэж байлаа.
Эх сурвалж: Associated Press