Намайг хүүхэд байхад ах маань ийм нэгэн оньсого таалгадаг байж билээ. Тоонд муу, бас тос идэх дургүй би балдуушаа мэдэх. Элдэв янзаар тааж буудаж үзээд аргагүй л бууж өгч байснаа одоо ч гэсэн санадаг юм. Хөндийд тавиарай
Хөвөнд боогоорой
Намайг дуугарвал
Үхлээ гэж бодоорой гэж шаазангийн тухай оньсого тааварт өгүүлсэн нь цөөнгүй.
Урчуудын артелийн уран цутгуурч, зохион бүтээгч Халиуны Дагвадоржийн санаачилга, туршилт, хөөцөлдөлгөөний үрээр 1955 онд Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн харьяанд Шаазангийн артель анх байгуулагдаж байжээ. Хожмоо үйлдвэр болгон өргөтгөсөн Шаазангийн артель нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан төдийгүй зарим бүтээгдэхүүнээ бэлэг дурсгалын зориулалтаар Куба, Унгар, Японд ч гаргаж байв. Монгол шаазангийн онцлог нь үндэсний хээ угалз, чимэглэлээр баялаг.
Өлзий, түмэн насан, цэцэг навчин хээ, эвэр угалзаар чимэглэсэн манай шаазан эдлэлүүд нь өнгө будгийн зохицолоороо нэгэн үе гадныханд хүртэл гайхагдаж байсны нэгээхэн жишээ нь тус үйлдвэрийн бүтээл луутай цэнхэр гүц БНАГУ-ын (хуучин нэрээр) Лейпцигийн олон улсын яармагаас алтан медаль хүртэж байсан билээ. Социализмын он жилүүдэд өөрийн орондоо шаазан үйлдвэрлэж сурсан монголчууд бүтээгдэхүүнээ гадаадад гаргахаар барахгүй бэлэг дурсгалд өгч байсны нэгээхэн баримт бол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал үндэсний хээ угалзаар чимэглэж, өөрийнх нь хөргийг зурсан ваар захиалан хийлгэснээ ЗХУ-ын нэрт маршал Г.К.Жуковт бэлэглэж байсан түүхтэй юм билээ.
Тэгвэл түүнээс ч өмнө монголчууд Бээжин, Жанчхүү, Хаалган хотоос жингийн цуваанд нандигнан авчирдаг байсан хятад гангар шаазанг хэрэглэж сурсаны гэрч баримт өдгөө Богд хааны ордон музейд байна. Уг үзмэрийн тайлбарт “Мөнгөлсөн шаазан аяга. Нэр үл мэдэгдэх монгол урчуудын бүтээл” гэж бичсэн байх аж. …Ах маань тээр жил надад нэг шаазан таваг бэлэглэж билээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн үйлчилгээнд хэрэглэж байсан соёмбо тэмдэг бүхий мөнөөх тавгийг бэлэглэхдээ, “Өвөг дээдэс маань эд нь хэврэг эзэн нь мөнх байг гэж ерөөдөг шүү дээ. Гэхдээ яахав, чамд дурсгалтай байж юун магад. Энэ шаазан таваг надаас 3 дүү, чамаас нэг ах. Юмыг яаж мэдэхэв амьдралын урт замд ах нь гэнэт “унаад” өгвөл энэ таваг чамд ахын оронд ах болно шүү. Хайрлаж хадгалж яваарай” хэмээн өгсөн тавгийг нь би олон жил нандигнан хадгалсаан. Харамсалтай нь хэдэн жилийн өмнө угааж байтал гар халтирснаас болоод хагалж орхисон нүгэлтэй толгойдоо, би. Хичнээн харамсаж халаглаад яалтай ч билээ. Нэгэн цагт уг тавгийг бэлэглэж байсан ах минь тэр явдлаас 6 жилийн өмнө энхжинг зорьсон сон. Одоо газар дээрх ганц ах минь ч алга, гангар шаазан таваг нь ч алга. Гар эсгэм дурсамж л үлдэж дээ, хөөрхий …