Юнимед Интернейшнл эмнэлэг өнөөдөр \”1000 хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус эмнэлгийн \”Үр шилжүүлэн суулгах” төвийн захирал, АУ-ны доктор, профессор Р.Хадбаатартай ярилцлаа.
–Өнөөдөр танай эмнэлэг бяцхан үрсээ баяруулж байна. Яагаад 1000-н хүүхдийн баяр гэж нэрлэв. Нэрний тухайд?
-Тийм ээ. Манай эмнэлэг энэ жилээс 1000 хүүхдийн баярыг тэмдэглэн эхэлж байна. Нэрний тухайд гэвэл бидний үр шилжүүлэн суулгах замаар (IVF) төрж байгаа хүүхдүүд маань 1000 болоосой гэдгийг билэгдэж эх үрсийн баярыг угтан энэ баярыг тэмдэглэж байна. Манай эмнэлэгт дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 700 хосод үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдсэнээс 300 гэр бүл хосууд маань үр хүүхэдтэй болж, айл гэрийн аз жаргалыг нэмсэн байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэж, Монгол улсын хүн амын өсөлтөд өөрсдийн хувь нэмрийг улам бүр өсгөхийг билэгдэн нэрлэсэн учиртай юм. Бид бүхэн дээрх тоонд дурангийн хагалгаагаар эсвэл IUI цацалт эмчилгээгээр жирэмсэн болсон тоог оруулаагүй. Зөвхөн үр шилжүүлэн суулгах (IVF) аргаар төрсөн хүүхдийг оруулж тоолсон гэдгийг онцлон хэлмээр байна.
-2008 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 4000 гаруй эмэгтэйчүүд дурангийн хагалгаанд оржээ. Үүнээс 1300 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жирэмлэсэн байна. Ингээд үзвэл өнгөрсөн хугацаанд нийтдээ 1600 гаруй эмэгтэй эх хүн болж үрийн зулай үнэрлэсэн баярт мэдээг дуулгахад таатай байна. Энэ нь манай эмнэлгийн Монгол улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрээс гадна бидний ажлын амжилт, үр дүн гэж харж байна.
-Хүүхдийн баярыг угтсан ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ?
-Дээрх аргаар төрсөн манай хүүхдүүдийн хамгийн бага нь нэг долоо хоногтой, хамгийн том нь гурван ой гарантай. Энэ дотор гурван ихэр, хоёр ихэр цөөнгүй бий. Хүүхдүүддээ гарын бэлэг өгөхөөс гадна хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохиох, алиалагчдын тоглолт үзүүлэх, урлагийн янз бүрийн тоглолт үзүүлэх гэх мэтээр олон төрлийн арга хэмжээ явуулж байна.
-Эцэг эхчүүд энэхүү үйл ажиллагааг маш сайхнаар хүлээн авч байгаа байх. Тэдний сэтгэгдлийг та бидэнтэй хуваалцана уу?
-Тэгэлгүй яахав. Маш сайхнаар хүлээж авч байна. Ялангуяа үргүйдэлтэй олон жилээр онош нь тодорхойгүй, үр дүнгүй эмчилгээ хийлгэж явсан эмэгтэйчүүд маань манай эмнэлэгт хандаад эмчилгээ хийлгэсэн хүмүүс эхнээсээ хоёр дахь удаагаа зорин ирж байна.
-Манай улсад үргүйдэл хэр байна вэ. Шалтгааны тухайд?
Ганцхан Монгол улсын хэмжээнд ч биш, дэлхий нийтэд жил ирэх тусам үргүйдэл ихсэж байна. Энэ нь юутай холбоотой байна гэхээр манай орны хувьд арай өөр шалтгаан байна л даа. Тухайлбал, голдуу үрэвслийн болон наалдацын гаралтай хоёрдогч үргүйдэл давамгайлж байна. Харин бусад улс орнуудын тухайд насжилт болон дааврын гаралтай болон анхдагч үргүйдэл зонхилдог. Жишээ нь Япончууд оройтож гэрлэдэг учир нөхөн үржихүйн үйл ажиллагаа буурдаг. Энэ тохиолдолд цэвэр наснаас хамааралтай үргүйдэл. Гэтэл манайд бэлгийн замбараагүй амьдрал, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх үүнтэй холбоотой хүсээгүй жирэмслэлт ихсэж байна. Түүнчлэн үрэвсэлт өвчнүүдээр олон дахин өвчлөх үүнийгээ мэдэхгүй явсаар хугацаа алдах, цаашлаад хүсээгүй жирэмслэлтийг таслуулах зэрэг шалтгаануудаас үүдэн наалдацын гаралтай үргүйдэл давамгайлж байна. Ер нь 42 наснаас хойш жирэмсэн болох тохилдол 15 хувиас хэтэрдэггүй. 35 наснаас хойш бол жирэмсэн болох магадлал огцом унаж эхэлдэг. Намайг залуу эмч байхад савны гадуурх жирэмслэлтээр долоо хоногт 2-3 эмэгтэй л орж ирдэг байсан бол одоо өдөртөө 2-3 орж ирдэг болсон.
-Энэ тоо юутай холбоотой байна вэ?
-Үрэвсэлт өвчний фон нь дээр жирэмслэлт явагдаад умай хөндийрүүгээ орох замдаа бэхлэгдээд савны гадуурх жирэмсэн болдог. Энгийн үгээр умайн гадуурхи жирэмсэн нь үр хөврөл умайн хөндийгээс өөр газарт бэхлэгдэхийг хэлнэ. Энэ савны гадуурх жирэмслэлтийг дурангийн хагалгаагаар шийдэх юм бол дараа нь үүсэх наалдацын гаралтай үргүйдлээс сэргийлэх боломжтой юм. Гэтэл нээлттэй мэс заслаар наалдац бий болоод үүнээс үүдсэн үргүйдэлтэй олон эмэгтэйчүүд байна.
-Эмэгтэйчүүд дунд дурангийн хагалгааны талаар төдийлөн ойлголт байдаггүйн улмаас нээлттэй мэс засалд ордог болов уу?
-Бусад орнуудад дурангийн хагалгааг үргүйдлийг оношлох, эмчлэх гэдэгт хамааруулж ойлгодог. Залуу охид хоёр жилээс дээш хугацаанд жирэмслэхгүй байх юм бол дурангийн хагалгаанд орж эцсийн байдлаар онош тодруулж, шалгуулах шаардлагатай. 35 наснаас дээш эмэгтэйчүүд жил эсвэл зургаан сарын дотор жирэмслэхгүй бол дурангийн хагалгаанд орж мөн шалгуулах шаардлагатай. Гэтэл Монгол улсын хэмжээнд энэ талаархи мэдлэг мэдээлэл хангалтгүй байна. Нөгөө талаар гадны орнуудад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр хийгдэж байгаа хагалгааны 80 хувь нь дандаа дурангийн хагалгаагаар хийгддэг. Гэтэл манайд дөнгөж 10-15 хувь байх жишээний.
-Дурангийн хагалгааны давуу талын тухайд?
-Сорвижилт үүсгэдэггүй, эдийн гэмтэл бага, хагалгааны дараах өвчин зовиур бага, хагалгааны дараа хэвлий, бага аарцгийн хөндийн наалдац үүсгэхгүй ингэснээр хоёрдогчоор наалдацын гаралтай үргүйдэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Мөн цус алдалт бага, эдгэрэлтийн хугацаа богино гээд олон олон давуу талтай.
Нээлттэй мэс засал хийлгээд хувь хүний онцлогоос шалтгаалаад багадаа л 20 хоног өвчин шаналгаатай явдаг мөн наалдац үүсэх магадлал 60 хувь. Харин дурангийн хагалгаа хийлгэсэн хүн 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарч өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэн ажиллаж ч болдог.
Ингээд Монголын өнцөг буланд суугаа эхчүүд, эмэгтэйчүүд тэдний хөөрхөн бяцхан үрсэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.