ЭМС-ын сайд С.Ламбаа Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн \”Молекул биологийн лаборатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Тус лаборатори нь нийслэлийн дүүргүүдээс анх удаа элэгний В, С вирусыг тоон үзүүлэлтээр гаргах шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ шинжилгээг нэвтрүүлснээрээ дүүргийн иргэд Улаанбаатарт очиж шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаа учраас эрүүл мэндийн төвийн лабораторийн салбарыг нэгэн шат ахиулсан үйл явдал боллоо хэмээн тус дүүргийн ЭМТ-ийн дарга Ц.Энхбаяр нээлтийн үеэр онцолж байлаа. Тус дүүрэгт элэгний асуудалтай 300 гаруй иргэд байдаг байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 300 гаруй ажиллагсадтай, 226 ортой, 15 тасаг нэгжтэйгээр дүүргийнхээ 30 мянга, зэргэлдээх Төв, Хэнтий аймгийн найман сумын 20 мянга, нийт 50 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Томуугийн болон улаанбурхан өвчний дэгдэлтийн хүнд үед өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулалттай ажилласны үр дүнд нэг ч хүүхдийн эндэгдэлгүйгээр даван гарсан талаар салбарын сайддаа ажлаа танилцуулж байлаа.
Тус эмнэлгийн хувьд тулгамдсан шийдвэрлэх хэд хэдэн асуудал байна. Тухайлбал тус ЭМТ-ийн барилга байгууламжид 28 жил их засвар хийгээгүй тул эмнэлгийн үйлчилгээнд эрсдэл үүсэх байдал өндөр учраас энэ ондоо багтаан дулаан сантехникийн 80.0 сая, цахилгаан шугам шүлжээний 180.0 сая төгрөгийн засвар шинэчлэийн асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэж өгөх болон эмч, эмнэлгийн ажиллагсдын илүү цагийн хөлс, эмийн төсвийн хэтрэлт зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ хэмээн ЭМСЯ-наас мэдээллээ.