Эрүүл мэндийн яамнаас зайлшгүй гадаад эмчлүүлэх 39 өвчний тоог бууруулах зорилгоор гадаад эмч нар илгээж суралцуулснаар 14 төрлийн өвчнийг Монголдоо оношилж, эмчлэх боломжтой болсон. Өнгөрөгч онд улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн хүрээнд 85 эмчийг БНСУ, АНУ, БНЭУ, Япон, ОХУ-д сургаж дадлагажуулаад байна. Энэ жил мөн тооны эмчийг гадаадад нэг сарын хугацаатайгаар сургах бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэднийг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд Увс, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан аймгийн нэглсэн эмнэлэгийн найман их эмч, эх баригч эмч нар хамрагдах юм байна.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд хандан “Та нар маань сурсан мэдсэн зүйлээ ирсэн хойноо байгууллагын ажилтнууддаа түгээх үүрэгтэй. Мөн давхар үндэсний сургагч багшийн түвшинд бэлтгэгдэж байгаа гэдгээ гүнээ ухамсарлах хэрэгтэй. Хүний нутаг нэр хүндээ бодож, бие биенээ дэмжиж суралцаарай” хэмээн зөвлөв.