Нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг яг одоо УИХ хэлэлцэж байна. Саналыг нэгбүрчлэн хэлэлцэж байгаа бөгөөд хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармааг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм.
Гишүүдийн санал хүсэлтийг сонссоны дараа Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжсэн эсэх тал дээр нууцаар санал хураалт явуулахад нийт 57 гишүүн санал өгснөөс 47 гишүүн дэмжиж, 82,5 хувийн саналаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин одоо үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.