Үүр цайтал хуралдсан чуулганы хуралдааны маргааш УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүдэд хандаж “Түүхэндээ байгаагүй хамгийн хар УИХ болж байна. Дандаа хууль зөрчсөн зүйл хийдэг. Хуралдалгүй 9 удаа хойшилчихоод 10 дахь удаагаа шөнийн 4 цагт хуралддаг. Одоо ямар ч ажлын цаггүй болсон. Ямар ч ичих булчирхай алга. Сайн сайхны төлөө хуралд биш зөвхөн албан тушаалын төлөө хуралдаж байна.
Нэг хэсэг нь даргыгаа буулгаж хаяна гэсэн бослого тэмцэл, нөгөө хэсэг нь гишүүдээ хөөж зайлуулъя гэсэн бослого тэмцэл л явагдаж байна. Ийм муухай хараал жатгатай, заваан хурал дотор суухаас үнэхээр ичиж байна. Суумааргүй байна.
Эвт шаазгай буга барина, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ үг мартагдсан.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал орж ирсэн УИХ-ын энэ гишүүн энд ширлээд сууж байна. Бүр шир цаашаа болчихсон. Цаашдаа энэ хүмүүсийн тухай асуудлыг хэлэлцэж байхад өөрсдөөр нь кноп даруулахаа болих хэрэгтэй. Ямар ичиж, санаа зовдоггүй юм бэ. Өнөөдөр өвчлөл ямар айхтар болчихсон байна, хүүхдээ тэврээд ижий нэр уйлж байна, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн, ядуурал тахал зудын хэмжээнд оччихсон байна. Үүнийг хэзээ хэлэлцэх вэ УИХ-ын дарга аа. Шөнийн 4 цагт хэлэлцье. Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэгхэн өдрийн дотор биелүүлээд аваад ир гэсэн шигээ Монгол Улсын Ерөнхийлөгч хэзээ утаа, ядуурал, өвчлөлийн талаар энэ өдөртөө багтаан хуралд, шийд гэсэн үүрэг өгөх вэ.
Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ танхимынхаа гишүүдийг оруулж ирж байгаад хэцүү болсон энэ цаг үеийн асуудлаар хурал хийх вэ. Нийгэмд тулгамдаад буй энэ айхтар асуудлуудаас илүү давсан үнэ цэнтэй зүйл нь бол та нарын сандал суудал болчихож.
Яасан ховхорч болдоггүй, яасан хайртай дуртай юм бэ. Утааны голомт дотор Монгол нэг өдөр сайхан болно доо гээд хамар нь хорсож буй мэргэн цэцэн ухаантай олон сайхан хүн байгаа шүү. Та бүхэн энд нэгнээ түлхэж унагах биш зүгээр бүгд зайлцгаа. Тэр хүмүүст боломж олго.
Та нарт хууртагдаад явж буй тэр олон үндэсний үйлдвэрлэгчид, утаан дотор ам уушги нь хорсоод гаслаад сууж буй гэгээн сэтгэлтэй залуус, хосуудад суудлаа тавьж өг. Ёстой нэг муухай юм болж байна. Монголдоо хэрэгтэй асуудлыг үүр цайтал хэлэлцдэг байгаач. Үнэхээр өрөвдмөөр байна. Би аймаар ичиж байна ширнүүдээ” гэж дургүйцлээ илэрхийлсэн юм.