Ийм л тохиролцоо төрийн ордонд явагдаад байгааг эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Ер нь УИХ-ын дарга М.Энхболд огцрох нь тодорхой болжээ. Гэхдээ өөрийнхөө оронд Д.Хаянхярваа эсвэл Д.Оюунхорол нарын нэгийг томилуулах тохиролцоог санал болгосон гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэв.
Энэ тохиролцоог биелүүлвэл М.Энхболд суудлаасаа буусан ч М.Энхболд суудалдаа үлдлээ гэж ойлгогдоно.
Уг нь УИХ-ын дөрвөн гишүүн, хоёр удаагийн жагсаал, цуглаанд нэгдсэн 100 мянган орчим хүмүүсийн эсэргүүцлийн гол шалтгаан нь МАНАН гэх бүлэглэлээс салах байв. Гэтэл МАНАН бүлэглэл УИХ-ын даргын суудлыг заавал авч үлдэхээр улайрч байгаа нь тохиролцооноос харагдлаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг дээ.
Нэгэнт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл, УИХ-ын чуулганы хуралдаанаас гарах шийдвэр ойлгомжтой учраас М.Энхболд огцрох нөхцөл нэгэнт бүрдсэн. Гэвч М.Энхболд огцрохоор түүнийг даган баясагчид гар хоосон үлдэх гээд байна. Тиймээс л ямар нэгэн аргаар даргын суудлыг л хадгалан үлдэхээр эрс шулуудлаа. Үүндээ сөрөг хүчин болох АН-ыг ч ашиглаад эхэлсэн байна.
Гэхдээ М.Энхболдын хүссэн хуулийн дагуу огцруулдаг нөхцөл байдал тун удахгүй бүрдэнэ. Үүнээс л өмнө амжиж тохиролцоонд хүрэхийг МАНАН бүлэглэл хичээж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ М.Энхболдыг огцруулаад М.Энхболдыг суулгах юм бол ямар хэрэг байх вэ дээ. Үүнийгээ тэмцэгчид маань эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.