Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг дөрвөн “Их дуулга” тэмцээний нэг Францын Парисын дуулга эхэллээ. Энэ оны томоохон тэмцээний нэг Парисын дуулгад 97 орны эрэгтэй 336, эмэгтэй 236 нийт 572 жүдоч хүч сорихоор бүртгүүлсэн байна. Харин манай улсаас 21 тамирчин хүч сориж байгаа юм.
Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -60, -66, -73, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд явагдахад Монгол улс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний -73 кг-ийн жинд зодоглосон Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо Буркина-Пасогийн Лукас Диаллог цэвэр, хоёрдугаар тойрогтоо Молдавын Виктор Стерпуг нэмэлт цагт вазари үнэлгээгээр, гуравдугаар тойрогтоо Израйлын Тохар Бутбулыг 13 секундэд цэвэр, хэсгийн аваргын төлөө олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Лаша Шавдатуашвилиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Косовогийн Акил Гжаковог мөн нэмэлт цагт ялснаар аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон байна. Аваргын төлөө тэрбээр ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Сойчи Хашимотод ялагдснаар Гранд Слам ангилалаас хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь -60 кг-д Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж байсан юм.
Харин МУГТ Д.Амартүвшин эхний тойрогтоо Алжирын Салим Рабахиг вазари үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт эзэн орны Жолан Флоримонтыг 3:24 минутад торгуулиар, хэсгийн аваргын төлөө Израйлын Даниэль Бен Давидыг 2:46 минутад торгуулиар ялсан байна. Харамсалтай нь хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовд цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Улмаар хүрэл медалийн төлөө Недерландын Торнике Цжакадоег 3:50 минутад торгуулиар ялж, “Гранд Слам” ангилалаас 3 дахь хүрэл медалиа хүртлээ. Ингэснээр тэрбээр “Их дуулга” тэмцээний 1 түрүү, 2 мөнгө, 3 хүрэл медальтай болж байгаа юм.
Түүнээс гадна урд шөнө -48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, -52 кг-ын жинд МУГТ Мөнхбатын Уранцэцэг, -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн нар тавдугаар байр эзэллээ.