Үйлчлүүлэгчид их л уур бухимдалтай, тэвэр дүүрэн гарч ирж байна. Учир нь авсан бараагаа хийгээд барьчих сав баглаа дэлгүүрүүдэд алга байгаад юм. Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн 0.035 мм-ээс нимгэн гялгар уут хэрэглэхийг хязгаарласан билээ.
Энэхүү тогтоолыг танилцуулахдаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгалд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгал орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогоо эхлүүлж байна. Жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. 10 сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой” гэж мэдэгдэж байсан юм.
Уг нь бол дэлхийн 60 гаруй улсад хэрэглэхийг хориглоод буй гялгар уутнаас монгол улс татгалзах цаг нэгэнт болжээ. Ингээд тогтоол хэрэгжих цаг нь ч болж 0.035мм-ээс нимгэн гялгар уутыг хэрэглээнээс хасч эхэллээ. Энэ ажиллагаанд бидний хэлж заншсанаар 100-ын ч, 10-ынх нь гялгар уут хамрагдаж хэрэглээнээс хасагджээ. Гэтэл өнөөдөр тэднийг маань орлох зүйл даанч алга. Байгалд хортойг нь бодолцон татгалзъя гэсэн ч түүний оронд хэрэглэх зүйлс нь худалдаанд нэвтрээгүй байна. Тэгээд л хүмүүсийн худалдан авсан бараа нь тэвэр дүүрэн харагдаж, тэр бүгдийг барьж явахаас ундууцаж байна.
Уг нь бол цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалаар 2050 он гэхэд дэлхий нийтээр гялгар уутыг хэрэглэхийг бүрэн хориглох зорилтыг дэвшүүлэн тавиад байгаа юм. Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдагийг эрдэмтэд тогтоожээ. МХЕГ-аас нийлэг уутыг шинжлэхэд бичил биетийн тоо зөвшөөрөх хэмжээнээс тав дахин их гарсан байна. Монгол Улс сүүлийн гурван жилд 16.5 тэрбум төгрөгөөр нийлэг уут импортолж, түүнийхээ дөнгөж найман хувийг нь л дахин боловсруулжээ.